Хүүхэдтэй хүүхдүүд олширсоор
-Тэд
12 дугаар ангийн сурагчид боловч одоо нэг настай хүүхэдтэй. Хүүхдийнхээ
төлөө өөрсдийгөө боловсруулах цаг гаргаж чаддаггүй гэдгээ залуухан
бүсгүй хэлэв-
Түүнийг Б.Батцэцэг гэдэг. “Гүнж” төвд ирдэг болоод хоёр гаруй жил болж байгаа бөгөөд 17 настайдаа анхны хүүхдээ төрүүлжээ.
“Гэрийнхэн маань хамгийн анхны ач, зээ
гаргаж байгаа гэдэг утгаар маш баяртай хүлээж авсан. Би оюутан болохоор
сургалтын төлбөр, хэрэглээнийхээ мөнгийг ээж ааваасаа авдаг. Дээрээс нь
хүүхдийн хэрэглээнд маш их мөнгө зарцуулдаг. Иймээс залуу ээжүүдэд
тулгамддаг хамгийн том асуудал бол нэгдүгээрт санхүүгийн бэрхшээл
байдаг. Сурахын хажуугаар амралтын өдөр ажил хийдэг учраас заримдаа
хүүхдийг маань харах хүн олддоггүй. Гэрийнхэн бүгд ажилтай болсон үед
ажил эсвэл хичээлээ таслахаас өөр аргагүй болдог. Хүүхэдтэй болохоос
өмнө нөхөн үржихүйн мэдлэг гайгүй байсан. Мэддэг хэрнээ жирэмслэлтээс
хамгаалах арга, хэрэгслийг хэрэглэдэггүй байсан” талаар ярьж сууна.
Хэдийгээр ерөнхий боловсролын ахлах ангид
Эрүүл мэндийн хичээл дээр нөхөн үржихүйн талаар заадаг ч амьдрал дээр
жирэмслэлтээс хамгаалах ойлголт байгаагүй гэдгийг залуу ээж нар ярьж
байна.
Т.Пүрэвсүрэн 16 настайдаа хүүхдээ
төрүүлжээ. Нөхөр нь аав болохдоо 16 настай байжээ. Тэд 12 дугаар ангийн
сурагчид боловч одоо нэг настай хүүхэдтэй. Хүүхдийнхээ төлөө өөрсдийгөө
боловсруулах цаг гаргаж чаддаггүй гэдгээ залуухан бүсгүй хэлэв.
“Хүүхэдтэй болохоос өмнө нөхөн үржихүйн
тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан ч яаж хамгаалахыг сайн мэддэггүй
байсан. Гэхдээ хүүхэд төрүүлсэндээ харамсдаггүй. Харин ч ээж хүн ямар
байх ёстойг суралцаж явна. Нөхөр бид хоёр одоо хоёулаа 17 настай. Нөхөр
маань одоо 12 дугаар ангийн сурагч, хүүхэд маань нэг ойтой. Цаашдаа
шүдний эмчээр сурах бодолтой байгаа. Ер нь бол хариуцлага илүү их
болсон” талаар Т.Пүрэвсүрэн хэлээд хүүхдээрээ хүүхэдтэй болсондоо
үеийнхэнтэйгээ адилхан сурч, боловсроход цаг гаргаж чаддаггүйдээ
харамсдагаа нуугаагүй юм.
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролоо
төгсөөгүй хүүхдүүд аав, ээж болцгоон үүнээс болж хүүхэд өнчирч үлдэхэд
хүрдэг талаар “Гүнж” төвийнхөн ярьж байна. Тэр тусмаа эцэг, эхчүүд үр
хүүхэддээ тавих анхаарал суларснаар хүүхэдтэй ганц бие залууд ээжүүд
олширч, үүнээсээ болж хүүхдээсээ татгалзах эрсдэл гарч буйг ч сануулав.

“Гүнж” төвийн нийгмийн ажилтан Б.Төгөлдөр
“Гүнж” төвийн нийгмийн ажилтан Б.Төгөлдөр
“Хүсээгүй жирэмслэлтээс болж хүүхдээ зулбуулах гэсэн тохиолдлууд их
гардаг. Хүчээр зулбуулснаар үргүйдэл үүсэх цаашлаад амиа алдаж магадгүй
гэдгийг зарим ээжүүд мэддэггүй. Шийдвэр гаргах түвшний хүмүүс болон
нийгмийн зүгээс залуу ээжүүдийг өөрсдийг нь буруутгах нь бий. Гэхдээ энэ
нь, нийгмийн нэг том асуудал болоод байна. Манайд үйлчилгээ авч байгаа
ээжүүдийн 70-80 хувь нь хүсээгүй жирэмслэлтээс болж хүүхэдтэй болсон
гэдэг. Үүнээс болж залуу ээжүүд дунд амиа хорлох гэж оролдсон, хүүхдээ
хаясан, хүнд өргүүлсэн, асрамжийн газар аваачиж өгсөн цөөн тохиолдлууд
гарсан” гэлээ.
20 настай залуу ээж У-гийн хувьд нөхөргүй.
Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид байхдаа, өвлийн
амралтаар 3 сартай жирэмсэн гэдгээ мэджээ. Түүнийг жирэмсэн болсон тухай
мэдээ үе тэнгийхнээс нь гадна сургуулийн багш нарын чихэнд хүрчихсэн
гэнэ. Сургууль төгссөн гэрчилгээгээ авахын тулд хэл ам, дарамт шахалтыг
үл тоон үргэлжлүүлэн суралцахыг хичээсэн ч гэдэс томрох тусам
ангийнхныхаа болон багш нарын хандлагаас болоод арга буюу сургуулиа
орхисон. Түүнд бүрэн дунд боловсролын гэрчилгээ байхгүй учир цаашид
үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэхэд хүндрэл гардаг” гэжээ.


Өсвөр насны ээжүүдийн тоо жил ирэх тусам
нэмэгдэж байгаа нь тэдний нөхөн үржихүйн боловсрол муутайгаас болон гэр
бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг дутуугаас болдогийг тэд хэлж байна.
Ерөнхий боловсролын сургуульд энэ талаар ерөнхий мэдлэг өгөхөөс биш
нарийн заадаггүй талаар сурагчид хэлдэг. Үерхэж буй хүүхдүүд бие
биентэйгээ чөлөөтэй ярилцаж, илэн далангүй мэдээлэл солилцох нь маш
чухал гэдгийг залуу ээж нар болон “Гүнж” төвөөс хэлж байсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
тодорхойлсноор 20-с доош насандаа хүүхэд төрүүлсэн бол түүнийг өсвөр
насны төрөлт гэж авч үздэг. Дэлхийн хэмжээний тоо баримтаас үзэхэд жилд
дунджаар 13 сая хүүхэд өсвөр насны ээжүүдээс төрдөг байна. Харин Монгол
Улсын хувьд залуу буюу өсвөр насны ээжүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж
байна. Тухайлбал Үндэсний статистикийн хорооны мэдээллийн нэгдсэн
сангаас харахад 15-19 насны эхчүүдийн төрүүлсэн хүүхдийн тоо 2014 онд
3259, 2015 онд 3595, 2016 онд 3829 болж өсчээ. Охидын эрт жирэмслэлт,
төрөлтөд нийгмийн олон хүчин зүйлүүд нөлөөлдөг аж. “Гүнж” төв нь 2003
оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд охид, хөвгүүд болон
залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгэм болон сэтгэл зүйн зөвлөгөө
өгөх, өсвөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан
сэргийлэх чиглэлээр ажилладаг юм байна.
Г.БАТТҮШИГ

No comments:
Post a Comment